Breaking News
Loading...
15.01.2020


Онхи юм бүхэн утгаа алдаад
Орь ганцаар гансран хэвтэхүйд
Омголон хөх салхи
Он цагийн тэртээгээс
Оч хаялах мэт цахилав
Орой дээрээс зулай нэвтлэн
Од мичдийн гялбааг шингээв
Оломгүй далайн давстай усаар
Онгож гандсан магнайг шавшив
Онгод шүтээний захиас сургаалийг
Онцолж надад итгэж шивнэв
Онцгойрч гаршсан шид чадлыг
Олоорой хэмээн өвлүүлж шившив
Олон үеийн түүх цадигийн
Огт мэдэхгүй нууцыг дэлгэв
Алтайн уулсын догшин салхи
Агсам хүлэг мэт довтолгон ирэв
Арьс махаар нэвчин тархаад
Атгахан зүрхний угт хүрэв
Амин голыг гогдон байж
Арван зууны гомдлоо тайлав
Аньсага нүдийг нулимс бүрхэж
Алдаа эндлийн гашууныг амтлав
Агсарч догширсон хилэнт салхи
Аадрын бараан үүлс хуралдуулж
Аянга цахилгаан галаар ташуурдаж
Агсамнаж тунирхсан хурын усыг
Алдхан бие дээр минь бүгдийг асгав
Асар удалгүй тайтгарч тайвшраад
Ардын дууны аяар аргадав
Цаст уулын хувилгаан салхи
Цан хүүрэг жавраар үлээв
Цал буурал үстэй өвгөн
Цаст оргил дээр тухласан байв
Цагийн тоосыг хийстэл үлээж
Цагийн эрхээр мартагдсаныг сэрээв
Цагийн жамыг тодруулж
Цаглашгүйн учгийг хүүрнэв
Цагаан нь харыгаа дийлдэг гэдгийг
Цаг ямагт санаарай хэмээв
Цаг нь болсон бүхнийг
Цагдаж юу ч зогсоохгүй гэнэ
Цаг үедээ эзэн сууж
Цадиг түүхээ өөрөө бүтээж
Цагаан бүхнийг түгээ гэвэй




0 сэтгэгдэл:

Kommentar veröffentlichen