Далд нуугдсан илтэд сайн бүхнийг даллан дуудъя
Далдлан нууж гутаан дарагч бүхнийг далдруулан зайлуулъя
Даравч далдайх бүхнийг даллан дуудъя
Дааж давшгүй зовлон шаналлыг далдруулан зайлуулъя
Будилж төөрсөн бүхнийг зөв зам руу нь даллан дуудъя
Буман олон үрсийн буян хишигийг даллан дуудъя
Булавч бултайх бүхнийг даллан дуудъя
Бузар булай бүхнийг далдруулан зайлуулъя
Угтан ирэх аз жаргалыг урагшлуулан даллая
Ужиг самуун, гажиг бүхнийг далдруулан зайлуулъя
Уялга бүхний үзүүрийг бөхлөн батжуулъя
Уянга яруу бүхнийг даллан дуудъя
Түвшин сайхан бүхнийг даллан дуудъя
Түмэн сэхээрлийн үрийг даллан дуудъя
Төвөг гамшиг, гай бүхнийг далдруулан зайлуулъя
Түйтгэр, зовлон, тамлал бүхнийг далдруулан зайлуулъя
Байх ёстой бүхнийг байраа олтол нь даллан дуудъя
Байх ёсгүй бүхнийг багтах газаргүй болтол нь далдруулан зайлуулъя
Бугшмал хэцүүгийн шалтгаан бүхнийг булшлан устгая
Буман өршөөлийн үндсийг даллан дуудъя
НийХэмт бүхнийг даллан дуудъя
НийГэмт бүхнийг далдруулан зайлуулъя
Ний даяараа гэгээрэх цагийг даллан дуудъя
Нэгэн цулын тасархай бүхнийг даллан дуудъя
Газарт дутагдсан бүхнийг даллан дуудъя
Газарт илүүдсэн бүхнийг далдруулан зайлуулъя
Гажуудуулж үл болох жамыг ухааруулан даллая
Ганцхан бүхний учгийг ухтал даллая
Хүршгүй алсын гэгээн бүхнийг даллан дуудъя
Хүслэн болон дээдлэгдсэн бүхнийг даллан дуудъя
Хүсэшгүй муухай бүхнийг далдруулан зайлуулъя
Хүмүүний хүсэл сэтгэлийн галыг нь хурайлан бадраая
Мартагдаж дарагдсан өөрийн бүхнээ даллан дуудъя
Мартуулж, хорлож, дарсан бүхнийг далдруулан зайлуулъя
Маргашгүй үнэн бүхнийг даллан дуудъя
Маргаашийн олон өдрүүдийг ерөөн магтъя
Хир буртагаас салгах ариун хурыг даллан дуудъя
Хүмүүний сэтгэлийн ангааг тайлах бүхнийг даллан дуудъя
Худал хуурмагийн аранга болсон бүхнийг даллан дуудъя
Хиргүй тунгалаг бүхнийг даллан дуудъя
Цаг нь болсон бүхнийг даллан дуудъя
Цаг нь өнгөрсөн бүхнийг далдруулан зайлуулъя
Цаг бусын бүхнийг далдруулан зайлуулъя
Цаглашгүй ганцхан Оршихуйг даллан дуудъя
Алтан Дээд Үнэнийг даллан дуудъя
Алтан нарны гэрэл мэт ивээлийг нь даллан дуудъя
Андын тангарагтан бүхнийг даллан дуудъя
Ариун нандин бүхнийг даллан дуудъя
Даллан дуудвал зохилтой бүхнийг даллан дуудъя
Далдруулан зайлуулвал зохилтой бүхнийг далдруулан зайлуулъя
Дахин дахин даллаж хурайлан дуудъя
Давтан давтан зайлуулж оргүй болгоё
90. Даллага
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen