Хэзээнээс эхлэн түүнийг хайх болсоноо мэдэхгүй
Хэзээ түүнийг эцэслэн олохоо ч үл мэднэ
Хайсан тэр зүйл минь байдаг эсэхийг ч мэдэхгүй
Хайхгүй байж чадахгүйгээ л харин баттай мэднэ
Юуг ч юм бэ хайн бэдэрнэ
Юунд ч юм бэ татагдан тэмүүлнэ
Юугаар ч юм бэ дутагдан цангана
Юуны ч юм бэ эрэлд хатна
Тэр нэгэн зүйлээр л дутагдан шанална
Тэр нэгэн зүйлийг л үгүйлэн гансарна
Тэнхээ тамираа тасартал түүнийг л хайна
Тэгж тэгж олж гэмээнэ амирлах эсэхээ мэдэхгүй
Чухам юу хайж буйгаа өөрөө ч үл мэднэ
Чухам юу хүсэж буйгаа ч үл мэднэ
Чухам яах гэж оршин буйгаа ч мэдэхгүй
Чухал, чухал бусыг ялгаж салгаж чадахгүй
Амьдралын баяр баясгалан, аз жаргалыг амталж үл чадна
Аль аль нь амт үнэргүй санагдана
Ав адилхан өдрүүд ар араасаа хөвөрнө
Алив зүйл утга учиргүй бодогдоно
Зүрхэнд минь жаргал зовлонгийн аль нь ч үл тогтоно
Зүгээр л юунд ч торохгүй бүгд урсан одно
Зүрх минь зүйргүй том цоорхойтойг мэдсэнгүй
Зүйргүй том тэр цоорхойг юугаар нөхөхөө мэдэхгүй
83. Тэр нэгэн зүйл
Info Post
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen