Тажигийн хөгжмийн зохиолч, жүжигчин Далер Назаровын "Чаки чаки борони бахор" дуугаар хөглөгдөв.
Хавар эртийн бороон дуслууд
Хайртыг минь санагдуулан зөөлөн шивэрнэ
Хав дарсан нууцыг хайр найргүй онгичон шивэрнэ
Хайраар дутсан зүрх сэтгэлийг аргадан аргадан шивэрнэ
Өнө эртний дуртгал сэргээж
Өр зүрхийг шаналалаар дүүргэнэ
Өнгөрсөн улирсан бүхнийг өнгө будагтай нь амилуулна
Өнчин зүрхийг сэргээн дуудаад булиглуулан дэнслүүлнэ
Цэцэгт нугад чамтайгаа
Цэнгэн жаргаж байсан минь бодогдоно
Цэл залуу насны аагийг эргээд амтлах мэт болно
Цэцэгс атаархам чиний минь үзэсгэлэнт царай тодорно
Хайрын дарсанд мансуурч
Халамцуу голдуу явсан минь санагдана
Хөлчүү зүрхний жаргалыг хүчээр яахин таслаа вэ
Хүйтэн цэвдэг хорвоог хэрхэн би туулах вэ
Энэрэлгүй хорвоо биднийг даанч эрт салгаж дээ
Энэлэн шаналж явах үйлтэй төрсөн ч юм уу даа
Элэрч баларсан бүхнийг огоорч мартах минь хэзээ вэ
Энхрий хонгор чамтайгаа эргэн учрах минь хэзээ вэ
Сэрүүн зүүднээсээ би сэрж салмааргүй байна
Сэтгэлтэй хонгор чамаасаа дахин хагацмааргүй байна
Сэргэлэн хонгор чамдаа сэтгэлийн үгээ шивнэмээр байна
Сэтгэл зүрхээ уудлан үүр цайтал дуулмаар байна
Ай янаг хонгор чи минь
Ахиад наддаа ирээч дээ
Ахиж хэзээ ч хагацахгүй үүрд хамтдаа байгаач дээ
Алаг зүрхийг минь амирлуулж аз жаргалыг бэлэглээч
Хавар эртийн бороо чи
Хайртыг минь санагдуулан зөөлөн шиврээч
Хав дарсан нууцыг минь хайр найргүй онгич
Хайраар дутсан зүрхийг минь аргаданхан шиврээч
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen