Breaking News
Loading...
09.05.2014

Орчлон хорвоогийн хэлээр чөлөөтэй ярихыг хүснэ
Олон олон хэлний дундаас онцолж түүнийг л гаргууд сурахыг хүснэ
Олон олон хэлний оронд ганцхан тэр хэлийг бүгд мэддэг болоосой гэж хүснэ
Орчлон хорвоо чухамдаа хайраас эхтэй гэдгийг нотлохыг хүснэ
Чимээгүй дүнсийх уулс
Чимээтэй шоржигнох горхи
Найган ганхах өвс ногоо
Нарыг тойрон эргэлдэх бүхэн
Мяралзан урсах гол мөрөн
Миний хийгээд хүний нутаг
Буй бүхэн бултаараа ганцхан хэлээр ярьдаг гэдэгт итгэнэ
Буй бүхнийг илэрхийлэгч ганцхан тэр л хэлийг сурахыг хүснэ
Амьтай хийгээд амьгүй бүхэнтэй чөлөөтэй ойлголцохыг хүснэ
Амьдралыг үүсгэгч, нөхцөлдүүлэгч бүхэнтэй саадгүй нэвтрэлцэхийг хүснэ
Алив бүхнийг алган дээрээ тавьсан мэт тольдохыг хүснэ
Амьдралын бүхий л нууцыг тайлахад гаргууд сурсан ганцхан хэл минь л хэрэг болно гэж итгэнэ
Гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй бүхэн нэгэн хэлээр ярьдаг гэдэгт итгэнэ
Гарт баригдаж нүдэнд үзэгдэх бүхэн ч нэгэн хэлээр ярьдаг гэдэгт итгэнэ
Гарцаагүй үнэн гэж юу болохыг мэдэхийг хүснэ
Гарцаагүй үнэнийг таньсан бол бусдад бас таниулахыг хүснэ
Хий үзэгдэл, чөтгөр шулам, сахиусан тэнгэрүүдтэй чөлөөтэй хөөрөлдөхийг хүснэ
Хил хязгаар саадыг даваад салхи хийгээд ус мэт чөлөөтэй нэвтрэхийг хүснэ
Хий биетэй хийсгэлэн дүртэй бүхэнтэй чөлөөтэй ярихыг хүснэ
Хүмүүн биеийг олсон бүхэнтэй чөлөөтэй ойлголцохыг хүснэ
Орчлон хорвоод өөрийгөө ойлгуулахыг хүснэ
Орчлон хорвоог бүхэлд нь ойлгохыг хүснэ
Орчлонгийн түм буман хүмүүстэй хэлмэрчгүй ойлголцохыг хүснэ
Орчлон хорвоогийн хэлмэрч байхыг хүснэ
Үнэн гэдэг ганцхан хэлээр ярихыг хүснэ
Үхлийн дараа ч амьдрал үргэлжилдэгийг зарлан тунхаглахыг хүснэ
Үл ойлголцол, үзэн ядалт, мунхаглал үнс мэт хийсэн одохыг харахыг хүснэ
Үндэстэй бүхэн цэцэглэж үртэй бүхэн үржихийг үзэхийг хүснэ
Орчлон хорвоогийн хэлээр чөлөөтэй ярихыг хүснэ
Олон олон хэлний дундаас онцолж түүнийг л гаргууд сурахыг хүснэ
Олон олон хэлний оронд ганцхан тэр хэлийг бүгд мэддэг болоосой гэж хүснэ
Орчлон хорвоо чухамдаа хайраас эхтэй гэдгийг нотлохыг хүснэ



2 сэтгэгдэл: