Breaking News
Loading...
23.05.2013

Хуяг нөмөрч хэц дэлдсэн
Хөнгөмсөг үр чи сонсож бай
Хийсэн үйл чинь хомс
Хийх үйл чинь арвин байна
Итгэл сэтгэл чинь дутмаг
Ирээдүй хойч чинь бүрхэг байна
Инээд наадам чинь ихдээд
Ихэрхэж ямбалах чинь дэндээд байна
Өчүүхэн жаахан амжилтандаа хөөрч бүү сагсуур
Өндөр Дээдсүүдийн чадлыг
Өөрийн хэмээн бүү эндүүр
Өндөр дээрээс илүү чанга унадгийг сана
Учир битүүлэг зүйлээр олныг бүү төөрөгдүүл
Учир шалтгаан юуг нь энгийнээр тайлбарлаж өг
Ухаж чадахгүй аваас дэмий бүү нэрэлх
Ухаантай царай гарган худал бүү цэцэрх
Ялих шалихгүй зүйлд цагаа бүү үр
Явган хэрүүл хөөж хэлээ бүү билүүд
Сүрийг үзүүлэн дэмий бүү сүржигнэ
Сурсан эрдэм буй аваас гайхуулж бүү харамла
Суръя гэсэн хүнд нь харамгүй зааж өг
Сурах эрдэм байваас бусдаас байнга суралц
Хамар доорхоо ч таниагүй байж
Хаа холын зүйлийн талаар
Хамаагүй бүү цуур
Хажуу дэргэдэхээ таничихаад
Холхи ирээдүйг мэлмийд
Тэнгэрийн өчүүхэн шалгуурт
Тэнцэж чадахгүй бүдэрчихээд
Тэнэг толгойгоо шаахын оронд
Тэнгэрийг бүү хараа
Хийсэн хийгээд хийж буй
Хийх ёстой үйл чинь
Хэлсэн хийгээд хэлэх гэж буй үг
Хохимой толгой доторх бодол чинь хэзээд илхэн байдгийг сана
Аугаа бүхэн хамгаас энгийн байдгийг ухаар
Аливаа зүйлийн угийг олж танин мэд
Аавын олон үрсийг алагчилж бүү харьц
Алтан дэлхийн хаана ч эргээд учирч мэднэ
Даахин доор хүлэг
Дахан дор эр бий
Даравч далдайдаг үнэийг бүү умарт
Дараа дахин учрах улаан нүүрээ бод
Өнгөцхөн харчихаад гүехэн бүү сэтгэ
Өөр өөр өнцгөөс нь эргүүлж тойруулан аж
Өнөөдрийн үнэн маргааш худал болж
Өглөө мандсан наран орой болоход жаргадаг
Ухаанаа тэлж уужим сэтгэ
Уураа дарж оюунаар ундаал
Урдах замаасаа бүү хазай
Уучлах сэтгэлээ бүү гээ
Өөрийгөө голж урвайн бүү суу
Өрөөлийг шүтэж сохроор бүү дага
Өнгө мөнгөний хойноос улайран бүү зүтгэ
Өгсөн бүхнээ эргүүлээд авдаг жамыг сана
Эрдэм мэдлэгийн хойноос шунахайран зүтгэ
Эрх мэдлээс харин дөлөн цэрвэж яв
Энгийн бүхэнд нуугдсан эгэлгүйг олж мэд
Эргэх орчлонгийн жамыг ухаарч таниж ав
Хүн чанараа гээлгүй
Хүний мөсөө алдалгүй
Хүний дайтай амьдарч
Хүж дэлхийдээ эзэн нь болж яв








1 сэтгэгдэл: