Икэл хуурын татлагаар элэг зүрх баясан сэргээд
Ихэс Дээдсүүдийн уриа дуудлага тодорсоор
Ижил олон түмнийг минь санууланхан
Ихэд удсан нойрноос сэрээн дуудна
Ужиг нойрноос сэрж өндийгөөд
Урьд өмнийн явдлыг эргэцүүлэнхэн
Урагш хойш ийш тийш халиан суунгаа
Уулын хөх салхийг уушиг цээжээ дүүртэл амьсгална
Хайр шингэсэн икэлийн аялгуу
Хөшиж уядсан биеийг тавируулан
Харалган байсан нүд нээгдэж
Хорвоо дэлхийг бүрнээ тольдоно
Огоорч болшгүй дуудлагаа олж сонсоод
Оройлон босож онож унасан энэхэн хөрстдөө
Он цагийн тоосыг шилгээн шилгээн
Ороо бусгаа бүхэн арилж одод түгтэл биелнэ
Урсгал ус намуухан урссаар
Уул тал хөндийг туулах шиг
Уусаж түүнд нь би шингээд
Урт хол замыг туулан гадаад их далайд цутгах шиг
Сэрүүн салхи зөөлөн сэвэлзсээр
Салгуу алсыг зорин одох шиг
Сэрүүн салхинд би туугдаад
Сарнаас цаашлан нисэж байх шиг
Өвгөд Дээдсүүд минь икэлийн эрдүүхэн эгшиг болоод
Өчүүхэн намайг тойрон эргэлдэн биелнэ
Өөд уруугүй тойрон биелэхдээ
Өвгөдтэйгээ би нэгэн цул болно
Надаас өмнө байсан бүхэн
Намайг тойрон эргэлдэн биелнэ
Намайг тойрон эргэлдэн биелэхдээ
Нарыг бас тойрон биелнэ
0 сэтгэгдэл:
Kommentar veröffentlichen